Хангайн нурууны төв хэсэгт орших байгалийн үзэсгэлэнт Ноёнхангай уул нь нутгийн ардууд тахин шүтэж ирсэн, байгалийн үзэсгэлэн, өвөрмөц ховор тогтоц хосолсон аялал жуулчлалын арвин их нөөцтэй нутаг юм. Энэхүү онцгой байдлыг харгалзан үнэ цэнэтэй экосистемийг хамгаалах, зохистой ашиглан аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор УИХ-ын 1998 оны 28 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан. Нийт талбай: 56658 га. Ноёнхангай уулын өндөр хад цохио, хөшиг хадаар хүрээлэгдсэн өвөрмөц тогтоц, мөстлийн хунх, гүн харанхуй ганга, хавцал, боржин цохио болсон экосистемийг судлах, хамгаалах, рашаан усыг түшиглэн амралт, аялал жуулчлалыг хөгжүүлэн зохистой ашиглах зорилготой бөгөөд уулын төв хэсэгт орших боржин хад, том үхэр чулуу, асга дотроос ундран гарах эмчилгээний чанартай 10 гаруй булаг рашаан ус нь рекреацийн томоохон нөөц, БЦГ-ын аялал жуулчлалын гол төв нь болдог. Энэхүү үзэсгэлэнт нутгийг хамгаалалтад авснаар байгалийн үзэгдэл, өөрчлөлтийн үйл явцыг судлах, мониторинг ажиглалтыг системтэй явуулах, улмаар амьдрах орчныг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахад чухал ач холбогдолтой.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ