Хангайн нурууны төв хэсэгт орших байгалийн үзэсгэлэнт Хоргын галт уулыг 1965 онд дархалсан. Галт уулын өвөрмөц тогтоцыг хадгалан үлдсэн Хоргын галт уул, Тэрхийн цагаан нуур, Суман голын хөндий орчмын үзэсгэлэнт нутагт социализмын үеэс аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж ирсэн бөгөөд ТХГН-ийн шинэ ангиллаар БЦГ болгон УИХ-ын 26-р тогтоолоор баталгаажуулсан билээ. Нийт талбай нь 76893 га
1997 онд Олон Улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах Рамсарын конвенцийн жагсаалтад хамрагдсан.
Хорго-Тэрхийн цагаан нуурын БЦГ нь Хангайн нурууны төв хэсэгт орших ойт хээрийн бүсийн уулсын нөлөөгөөр харьцангуй чийглэг нөхцөлтэй, хажуугийн зүг зовхисын ялгаа тод илэрсэн завсрын шинжтэй өвөрмөц ландшафт, уулс хоорондын хотгорт тогтсон тектоникийн гаралтай нуур, сөнөсөн галт уулын өвөрмөц тогтоц бүхий онцгой үзэсгэлэнтэй газар бөгөөд энэхүү үнэ цэнэтэй экосистемийг судлах, хамгаалах, байгалийн даацад тохирсон аялал жуулчлалыг хөгжүүлэн, зохистой ашиглах зорилготой.
Хангайн гол нуруу болон Тарвагатайн нурууны салбар уулс, тэдгээрийн хооронд орших Тэрхийн цагаан, Хөдөө нуур, Суман голын хөндий хосолсон үзэсгэлэнт нутгийг хамгаалалтад авснаар байгалийн үзэгдэл, өөрчлөлтийн үйл явцыг судлах, мониторинг ажиглалтыг системтэй явуулах, улмаар амьдрах орчныг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой хамгаалахад чухал ач холбогдолтой.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ