Булган уулын дурсгалт газар

Ерөнхий танилцуулга

Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг хотын дэргэд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг нь харгалзан 1965 онд 1,8 мянган га талбай бүхий газрыг хамгаалалтад авсан байна. Булган уул нь Хангайн муж, түүний ландшафтын нийтлэг төрхийг төлөөлж чадахгүй учраас байгалийн үзэсгэлэнт байдал,түүхийн дурсгалт зүйлс байдгийг нь харгалзан УИХ-ын 1996оны 26р тогтоолоор байгалийн дурсгалт газар болгосон. Нийтдээ 2,000га талбайтай. Хангайн гол их ноён нуруунаас салбарлан зүүн хойш чиглэж, Хойт Урд Тамир голын хоорондуур усны хагалбар болон үргэлжилсээр хоёр Тамирын бэлчир хүрч шувтран,130-140км урт, Сүмт-Хан Өндрийн нурууны дорнод хэсэгт энэхүү Булган уул оршино. Энэ нь Орхон Сэлэнгийн бэсрэг дундаж өндөрлөг уулсын нутаг дэвсгэрт багтана. Дурсгалт газрын дундуур зүүн хойш чиглэсэн гол их нуруу хоёр Тамирын усны хагалбар болдог. Энэд Аригийн нуруу, Хамрын нуруу, Хялалзах, Мурилзахын нуруу зэрэг боржин хаднаас тогтсон олон нуруу, зүүн өмнө орших Таван цохионоос эгц хойш Цагдуулт(1940м) боржин хадат уул, Малгай (2143м) өндөр уултай. Булган уулын зүүн хормойд орших Жамганы рашаан,баруун хэсэгт Ганц модны рашаан гэх мэт рашаан ус бий. Булган уул ой мод, хадлан бэлчээрийн ургамалаар нэн баялаг тул тус орны ой хөвч, ойт хээрийн бүсэд тохиолддог ургамлын ихэнх зүйл ургана. Энд гүзээлзгэнэ, хад тошлой, самар, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, бамбай, ганга, нохойн хошуу,гишүүнэ,хунчир, зэрэг эмийн ургамал ургана. Мөн цагаан төмс, мэхээр, бүүргэнэ, гонид зэрэг хүнсэнд хэрэглэгддэг ургамалтай. Булган ууланд Хангайн бусад нутгийн нэгэн адил хар мод, хуш зэрэг шилмүүст мод хус улиас, улиангар, хайлаас зэрэг навчит мод байдаг. Булган уул хүн ам олонтой хотод нэн ойрхон орших учир ан амьтан дүрвэн зайлдаг. Буга, бор гөрөө, шилүүс, гахай, мануул, хэрэм, жирх, үен, солонго, үнэг,чоно, чандага, туулай, агнуурын шувуунаас хур, сойр, ятуу,хөтүү, жигүүртнээс харцага,бүргэд, ууль,шар шувуу, алаг шаазгай,хон хэрээ, тагтаа зэрэг ан амьтан, жигүүртэн шувуудтай.